Захирлын мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ


      БСШУ-ны сайдын 2007 оны 06 сарын 07-ны өдрийн 187 тоот тушаалаар батлагдсан “Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам”-ын 4.1-д “Магистр, докторын сургалт эрхэлдэг сургууль нь магистр, докторын сургалт, эрдэм шинжилгээний ажил хариуцсан удирдлагын нэгжтэй байна” гэж заасныг үндэслэн, мөн олон улсын жишигт нийцүүлэн ХААИС нь Магистр, докторын сургууль (Graduate School)-ийг бие даасан бүтэцтэйгээр байгуулж, магистр докторын сургалтыг дэлхий нийтийн түвшинд хүргэх зорилттой ажиллаж байна.       

       ХААИС-ийн магистр, докторын сургалтын хөтөлбөр нь дээд боловсрол, шинжлэх ухаан технологийн талаар төрөөс баримтлах бодлого, боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагатай нийцүүлэн шинжлэх ухаан, технологийн тодорхой чиглэлээр суралцагсдад сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, иргэний өндөр боловсрол, соёлыг төлөвшүүлэхэд чиглэнэ.     

       

    МДС нь магистрант элсүүлэх, магистрын сургалт, судалгааны ажлыг төлөвлөх, явц, чанарт хяналт тавих, сургалтын төлбөр, зардлыг тогтоож батлуулах, суралцагчдыг шилжүүлэх, чөлөөлөх зэрэг магистрын сургалтын хөтөлбөрийн үйл ажиллагааны зохицуулалтын чиг үүргийг гүйцэтгэж, хичээл, сургалт, судалгааны ажлыг бүрэлдэхүүний сургуулиудыг түшиглэн харьяа хүрээлэнгүүдийн эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор зохион байгуулан явуулдаг билээ.   

   Магистр, доктор, мэргэшлийн зэрэг олгох сургалтуудыг олон улсын жишигт хүрсэн, улс орны хэрэгцээ шаардлагад нийцсэн, хувь хүний авьяас, сонирхол, шинэ санаа, санаачилгыг хөхүүлэн дэмжсэн сургалтыг явуулж улмаар шинэ мэдлэг, технологи, баялгийг өөрсдөө бүтээгч тийм мэргэжилтэн, эрдэмтдийг бэлтгэхийг чухалчилж байна.   

     Хөдөө аж ахуйд шинэ арга, технологи нэвтрүүлэх, тус салбарт ажиллаж буй хүний нөөцийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, чадварлаг боловсон хүчнээр хангах, хөдөө аж ахуй, биологийн шинэ нөөц баялгийг судалж илрүүлэх, ашиглах, хөдөө аж ахуйг механикжуулах, эрчимжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд тус сургуулийн болоод төгсөгчдийн үүрэг чухал юм. Өнөөдөр дэлхийн хөдөө аж ахуйд тулгарч буй хүндрэл бэрхшээл, монголын хөдөө аж ахуйд тулгамдаж байгаа асуудлуудыг судлах, шийдвэрлэх арга замуудыг эрэлхийлэх, хүрээлэн буй орчин, нийгмийн эрүүл мэнд түүнд хөдөө аж ахуйн салбарын үүрэг нөлөө, улс орны хөгжилд хөдөө аж ахуйн оруулж буй хувь оролцоог бууруулахгүй байх түүний тогтвортой хөгжлийг хангахад ч бидний идэвхтэй үүрэг оролцоог хүлээж байна.     

       МДС нь магистрант, докторант, мэргэжлийн боловсрол эзэмшигч нарт шинжлэх ухаан, судалгааны нарийн арга зүйг эзэмшүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, шинэ арга, техник технологи эзэмших, үйлдвэрлэлд ажиллах шинэ мэдлэг, дадал олж авахад туслах, аливаа бэрхшээл, тулгамдаж буй асуудлыг зөв оновчтой шийдвэрлэх, дадал чадвартай болгох, асуудалд шинжлэх ухаанчаар хандах, шинийг эрэлхийлсэн, санаачлагч арга барил төлөвшүүлэхийг зорин ажиллаж байна.       

        Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхэд МДС нь дангаар гүйцэтгэж чадахгүй бөгөөд тус сургуульд суралцагч магистрант докторант та бүгдийн өөрсдийн хичээл зүтгэл, тэдгээрийн удирдагч багш нар, нийт ХААИС-ийн эрдэмтэн, профессор багш нарын хамтын оролцоо чухал юм. 

 

Танд амжилт бүтээл, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.

Захирал, доктор, профессор Б.Баттөр